Чех
Улсын төв номын сангийн Клементийн танхимд 2007 оны 9 сарын 20-ноос
2008 оны 1 сарын 6 хүртэл “Чөтгөртэй Библи судар” (The Devil’s Bible) буюу Кодекс Гигас (Codex Gigas) хэмээх “дэлхийн хамгийн том номын нууц” хэмээн алдаршсан номын үзэсгэлэн гарч байна.
Стокгольмын
үндэсний номын санд хэдэн зуун дамжин чанд хадгалагдаж ирсэн энэ ном
анх Чехийн газар нутагт зохиогдсон бөгөөд Европт болсон (1618-1648)
Гучин Жилийн Дайны үеэр уг номыг шведүүд дайны олз болгон нутагтаа
хулгайлж аваачсан түүхтэй. Өнгөрсөн зуунд Берлин, Нью-Йорк хотноо дэлгэн
үзүүлсэн хоёрхон тохиолдлыг эс тооцвол олон нийтийн хүртээл болоогүй
энэ ховор номтой ийнхүү гурван зуугаад жилийн дараа чехүүд анх удаа
танилцах боломжтой болжээ. Эхний сар тусгай захиалгаар, хоёрхон өдөр
өргөн олонд үзүүлж байсан ба өдөр бүр уртаас урт очертой байлаа.
Чехийн ерөнхий сайд Мирек Тополанек, Гадаад хэргийн сайд Карел Шварценберг, Соёлын сайд Вацлав Ихличка, Прага хотын захирагч Павел
Бем, Чех Улсаас Швед Улсад суугаа элчин сайд Мари Хатардова болон Швед
Улсын Гадаад хэргийн сайд Карл Вилдт, Швед Улсаас Чех Улсад суугаа элчин
сайд Катерин вон Хейдеистам нарын хамтын
ажиллагаа, хүчин зүтгэл, Чех, Шведийн үндэсний номын сангуудын идэвхтэй
хамтран ажиллагааны дүнд энэ үзэсгэлэн гарчээ.
Энэ
“Буг чөтгөртэй библи” гэх энэ ном 12 дугаар зууны сүүл 13 дугаар зууны
эхэнд бүтээгдсэн, 890х490мм хэмжээний том хуудастай (хавтастай хэмжээ
920х505мм), 312 хуудастай бөгөөд хуудас бүрийг илжигний арьсаар хийсэн
үлэмж том энэ гар бичмэл Дундад зуунд дэлхийн долоон гайхамшигт багтаж
байв. Ямар ч библид чөтгөрийн зураг байдаггүй атал уг номны нэг хуудсанд
чөтгөр зурагдсан нь номын тухай элдэв домог гарахад, “чөтгөр”-ийн
сургаал агуулсан библи гэж буруу ойлголт тархахад нөлөөлсөн талтай.
Номыг нуруулж, хавтасласан загалмайт шашны лам Херманнус цуурхал гарах
эхийг тавьсан гэх.
Ямарваа
шашинд сүжиггүй бибээр энэ үзэсгэлэнг үзэж байхдаа, энэхүү аварга том
номны агуулгыг онц сонирхсонгүй. Харин түүхэн тодорхой цаг хугацаанд
одоогийн Чехийн нутаг дээр бүтээгдсэн урлагийн бүтээлийнх нь хувьд
чехийн удирдлага ихээхэн хүчин чармайлт гарган үүнийг авчирч ард олондоо
толилуулж буй нь сайхан санагдлаа. Тэр үед Чех гэсэн улс байсангүй.
Гэтэл дундад зуунд Монголын Эзэнт гүрэн гэж тив дамжсан агуу улс
байлаа. Тэр үед түүнээс хойш алтан ургийн манай хаад, дээдсийн зарлигаар
хүний нутагт, харь орны номын сан, музейг чимэх өчнөөн олон зүйлс бүтээгдэж байв.
Түүнийг судалж, монголын урлаг соёлын өв юм гэдгийг батлан дэлхийн олон
улсад зарлаж, энэ мэтчилэн одоогийн монголын үр саддаа үзүүлж баймаар
юм гэж бодогдлоо.
2006
онд уран зохиолоор Нобелийн шагнал хүртсэн Түркийн зохиолч Орхан
Памукийн "Миний нэр улаан" номыг уншиж байхад 500 жилийн өмнө бүтээгдсэн
номын чимэглэлийн түрк, персийн уран зургийг манай монголын уран
зурагтай үе үе харьцуулж байв. Тэгэхээр Түркийн номын сангуудад эдгээр
хагас мянганы тэртээ зурагдсан зураг хадгалагдаж байдаг байх нь. Иранд
перс хэлнээ манай түүх, соёлын өвтэй холбоотой өчнөөн материал лавтай
байгаа.
Хол
явахгүйгээр хоёр хөршөөсөө Хубилай, Бат хаадын зарлиг санаачлагаар
хийлгэж бүтээлгэснийг хаймаар санагдаад явчихлаа. Монголын талаар
нааштай, үнэнд ойр бичдэг түүхчдийн нэг Л.Н.Гумилёв "Хар домог"-тоо
манай монголчуудын (мөн оросуудын)талаар өрнөдийнхөн хэтэрхий харлуулж
онцгой муугаар бичдэг байснаас манайхны тухай тийм нэг сөрөг ойлголт
үлдсэн тухай ихэд халаглан бичсэн байдаг. Бид өөрсдөө ч үүнд итгээд
өөрсдийгөө муулах, доош нь дарах тийм сэтгэлгээтэй болчихсон мэт. Бид
чинь авъяастай, авхаалжтай, ажилсаг түмэн шүү.
No comments:
Post a Comment