Sunday, December 1, 2013

Ховд аймаг


Өнгөрч буй долоо хоногт би анх удаа Ховд аймагт очиж гурав хоноод ирлээ. Нэг өдөр нь Дөргөн сум оров. Ажил албаныхаа талаар энд бичихгүй. Харин нэгэнт 1500 км-ын цаана нисч хүрснийх зав чөлөөгөөрөө элдэв зураг дарахыг хичээснээ тайлагная.

Mongolian Airlines-ын Fokker-50 онгоцны цонхоор нуурын ус толийж харагдана. Үнэхээр сүртэй. Буугаад газрын зураг дээрээс хайхад Хар ус нуур болж таарав.

Ховд нутагт хөл тавингуутаа авсан эхний зураг. Энэ нисэх буудал тун удахгүй олон улсынх болно гэж аль эрт зарласан билээ. Тэгсэн цагт Khovd International Airport гэж бичих биз. Бас оноосон нэр өгөх болов уу? ↓

Аймгийн төр, захиргааны ордон. Баруун бүсийн тулгуур төв гэдгээ дээрээ бахархалтайгаар залжээ. Нарийн яривал, төв биш төв хот юм. 2003 онд УИХ-ын тогтоолоор Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховдыг багтаасан энэ бүсийн тулгуур төв хотоор Ховдоос гадна Улиастайг томилсон байдаг. ↓

Үргэлжлэлийг энд дарж үзээрэй.


Аймгийн №1 хөшөө нь Зүүнгарын хаант улсыг байгуулж, Халхыг дайлан Манжтай дайтаж байсан Галдан бошгот (1644-1697) хааных. Түүний  мэндэлсний 360 жилийн ойгоор 2004 онд төв талбай дээрээ босгожээ. Ховд хотыг чухам тэрбээр үндэслэсэн гэдэг. ↓

Ховд хотын төв талбайд байтугай Ховд аймагт, Чингэсийн байтугай Сүхбаатарын хөшөө ч алга. Урьд нь байгаа ч үгүй. Бодвол, баяд ноёдын эсрэг тэмцэгч Ард Аюушийн хөшөө социализмын үеийн үзэл суртлын шаардлагыг хангаж байсан хэрэг. 1959 онд босгосон энгийн сайхан хөшөө байна. Хажууд нь талбайн зурагчид хөлхөлдөнө. Дээрх хоёр хөшөө хоёулаа морьгүй боловч төв талбайн зүүхэнтээ орших цэцэрлэгт хүрээлэнд Ойрадын ноён Амарсанаагийн морьтой хөшөө харагдсан. ↓

Ховдод байдаг Сангийн хэрмийн үлдэгдлийг нүдээр үзэхийг хүслээ. 300 шахам жилийн өмнө босгож Манжийн амбан түшмэдтэйгээ, цэргүүдээр хамгаалуулан байрлаж байсан өндөр сүрлэг хэрэм хэдий ч одоогоос яг 100 жилийн өмнө Хатанбаатар Магсаржавын цэрэг дайран эзэлснээс хойш нурж сүйдсэн гэж  уншиж байсан ч ингэж хөсөр хаягдсан гэж төсөөлөөгүй юм байна. ↓

Хүмүүс хэрмийн шавраас хайр найргүй авч зөндөө хашаа байшин барьсан гэнэ. ↓

No comments:

Post a Comment